Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Филиппин Улсын Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах асуудал эрхэлсэн дэд сайд Ариел Непомусенотой өнөөдөр албан уулзалт хийлээ.
Энэ үеэр Монгол Улс, Филиппин Улс хооронд дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ой саяхан тохиосныг онцлоод хоёр орны найрсаг, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад талархал илэрхийлэв. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн бүс нутгуудын сайд нарын бага хурлыг Филиппин Улс амжилттай зохион байгуулж байгаа нь бүс нутагтаа манлайлж байгааг харуулж байна хэмээн онцоллоо.
Мөн хоёр орны Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улмаар үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, чадавхыг бэхжүүлэх, гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх тогтолцоог хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах саналтай байгаагаа уламжиллаа.
Филиппин Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санаачилга, төслүүдийг дэмжих, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх системийг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох чиглэлд үр бүтээлтэй ажилласаар ирсэн туршлагатай юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!