Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж болон бусад шаардлагатай гэсэн нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Энэ сарын 14-ний өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувийн гүйцэтгэлтэй.
Орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтыг өгсөн. Дулаан хангамжийн чиглэлээр 18 байршилд 25.1 км шугам сүлжээ хийсэн. Цахилгаан хангамжийн 2755 шугам, тоноглолын бэлтгэлийг хангаж, 6-10 кВт-ын 257 ажлыг цахилгаан дамжуулах шугам сүлжээнд нийлүүлээд байна. Ингэснээр цахилгаан хангамжийн өвлийн бэлтгэл 94.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Тэгвэл нийслэлийн иргэдийг өвлийн оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчээр тасалдуулахгүй байлгах талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандоржоос тодрууллаа.
Тэрбээр: “Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний тасралтгүй байдлыг хангахад бэрхшээл тулгарсан. Давхардсан тоогоор 1.9 сая хэрэглэгч цахилгаан хязгаарлалталд орж, энэ тоо 2025 оны өвөл хоёр дахин өсөх судалгаа байсан. Тиймээс 2025 оны өвлийн оргил ачааллын үед хүндрэлтэй нөхцөл үүсэхээс сэргийлж нийслэлээс урьд өмнө хийж байгаагүй дулааны эх үүсвэрт хөрөнгө оруулснаар нөхцөл байдлыг шийднэ гэж үзэж байгаа. Тухайлбал, Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг арваннэгдүгээр сард төвийн эрчим хүчний системд холбосноор цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлнэ. Гэр хорооллын өрхүүдийн цахилгаан эрчим хүчийг сайжруулах хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур зэргийг судалж байна. Мөн тодорхой байршлуудад цахилгаан хэмнэлттэй тоолуурыг байршуулах, дутагдаж байгаа эх үүсвэрүүдэд дэмжлэг үзүүлэх, гэр хороололд тусгайлсан дулаан эрчим хүчний багц гаргах зэрэг ажлыг зохион байгуулж байна” гэлээ.
Түүнчлэн нийт долоон дүүргийн 42 агуулахад 88 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг бэлтгэж, 3 маршрутаар 29 аж ахуйн нэгж байгууллага түгээлт хийж байгаа бөгөөд шахмал түлш борлуулах 588 цэг ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!