Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ардчилалын нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Австрали Улстай харилцааны түвшинг удахгүй шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр тохиролцсонд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.
Боловсрол, уул уурхай, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг салбар болон иргэд хоорондын харилцааг бэхжүүлж, ашигт малтмал, эрчим хүч, ногоон шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Австралид монголын 6,000 гаруй залуус, түүний дотор 60 орчим оюутан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд суралцаж, Австралийн 60 гаруй аж ахуйн нэгж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа нь харилцааны цар хүрээ тэлж байгаагийн тод жишээ гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо.
Иргэд хоорондын солилцоо жилээс жилд нэмэгдэж буйтай холбогдуулан хоёр улс Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг эцэслэн тохиролцож, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ эхлүүлэх болсныг сайшаав.
Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүй, бодлогын шинэчлэлийг тууштай хийж байгааг онцоллоо.
Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор наймдугаар сард зохион байгуулсан “Ногоон ирээдүйн төлөө” уриатай Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үр дүнг бодит ажил хэрэг болгоход Австралийн Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх төсөл” хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!