Биеийн тамир, спортын улсын хорооны нийт ажилтан, албан хаагчид өнөөдөр “Парис-2024” зуны олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн тамирчид, түүний дасгалжуулагч нарт тогтсон уламжлалын дагуу хүндэтгэл үзүүллээ.
“Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд гавьяат тамирчин Б.Баасанхүү мөнгө, “Парис-2024” паралимпын наадмын таеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт У.Сүрэнжав алт, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгө, пауэрлифтингийн төрөлд Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, хөнгөн атлетикийн төрөлд гавьяат тамирчин Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн билээ.
БТСУХ-ны дарга О.Баттулга: “Төр засаг, ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимп, паралимпын наадмаас медаль хүртсэн Та бүхний бахдам амжилтаар бахархаж байна. Бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж, “Лос-Анжелес-2028” олимп, паралимпын наадамд төрийн дуулалаа эгшиглүүлэхийг хүсэн ерөөе” гэв.
“Парис-2024” олимпын наадамд Монгол улсаас спортын есөн төрөлд 32 тамирчин, паралимпын наадамд спортын зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдсөн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!