Хүн ам, нийгмийн хамгааллын улсын алба буюу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа команд штабын сургуульд ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцож, амжилт хүслээ.
Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Жил бүр өсөн нэмэгдэж байгаа гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, энэ чиглэлээр иргэд, олон нийтэд мэдлэг ойлголт олгох сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах шаардлага бий болсоор байна. Судалгаанаас харахад гамшигт өртөж амь насаа алдагдсдын ихэнх хувийг хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна. Анх удаагаа улсын албанд буюу Хүн ам, нийгмийн хамгааллын улсын салбарын хэмжээнд дадлага сургуулийг зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой. Сургалтын хугацаанд салбар, орон нутгийн түвшинд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах удирдлагын арга зүй, гамшгийн үеийн харилцан ажиллагаанд суралцаж, өөр хоорондоо харилцан туршлага солилцон, мэдээ мэдээллээ хуваалцсан үр дүнтэй сургалт болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн хүн ам, нийгмийн хамгааллын улсын албаны удирдлага, зохион байгуулалт, бэлэн байдал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогчид газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!