Их Британийн Шеффилд хотод сонирхогчдын боксын Дэлхийн цомын энэ оны отгон тэмцээн хүч, ур чадвараа сорьсон Монголын боксчдоос 3 тамирчин алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй 5, эмэгтэй 4 тамирчин өрсөлдөхөд алт, мөнгө, хүрэл медальтнууд тодорлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 51 кг жинд олон улсын хэмжээний мастер А.Баттулга алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 63.5 кг-д ОУХМ Т.Энхтөр хүрэл медаль хүртэв. Мөн эмэгтэйчүүдээс 54 кг-д АТАШТ-ий хүрэл, Азийн наадмын хүрэл медальт ОУХМ О.Есүгэн мөнгөн медалийн эзэн болсон байна.
А.Баттулга өмнө нь тус тэмцээний мөнгө, Т.Энхтөр хүрэл медаль хүртэж байсан бол О.Есүгэн анхны медалиа гардлаа. Энэ тэмцээний дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргах бөгөөд Дэлхийн цомын гурван тэмцээний нэгийг Монгол Улсад зохион байгуулсан юм.