НҮБ-ын Усны бага хурал 2023 оны 3 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болж, усны асуудлаарх 2018-2028 оны олон улсын үйл ажиллагааны зорилтуудын дунд хугацааны хэрэгжилтийг хянан хэлэлцэж байна.
Усны асуудлаарх дэлхий нийтийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд бүх талын оролцоог нэгтгэх, бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү бага хурлыг Нидерланд, Тажикистан Улсууд хамтран даргалж, 170 гаруй улсын өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд бага хурлын 3 дугаар сарын 23-ны өдрийн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ усны асуудлаарх Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” тухай тогтвортой хөгжлийн зорилго 6-гийн хэрэгжилт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж буйг онцолжээ.
Энэхүү өндөр түвшний арга хэмжээний үеэр уур амьсгалын өөрчлөлт, хил дамнасан болон олон улсын усны салбарын хамтын ажиллагаа, эрүүл мэнд, тогтвортой хөгжил, салбар дундын уялдаа, зохицуулалт, Усны асуудлаарх 2018-2028 оны олон улсын үйл ажиллагааны зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд боллоо.