Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Японы Айчи мужийн Нагояа хотноо үргэлжилж байгаа Азийн наадамд оролцож буй Монголын баг тамирчид медалийн тоогоо гурван хүрлээр нэмлээ.
Тодруулбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-д Б.Гончигсүрэн, эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адъяасүрэн, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-д О.Сүлдхүү нар хүрэл медалиар энгэрээ мялаав.
Жүдо бөхийн +100 кг-ын жинд 12 жүдоч өрсөлдөхөд Б.Гончигсүрэн Казахстаны Йерассил Кажыбаевыг цэвэр ялсан ч хагас шигшээд Узбекистаны Муззафарбек Туробоевт ялагдсан юм. Улмаар хүрлийн төлөө Киргизийн Эмирхан Жолдошказьевыг юүкогоор ялсан юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн хүрлийн төлөө Узбекистаны Умида Нигматоваг даралтаар цэвэр ялав. Манай хоёр жүдочийн хувьд хоёулаа Азийн наадмын хошой медальтан болж байна.
Харин чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд хүч үзсэн “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин О.Сүлдхүү хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Казахстаны Азамат Даулетбековыг 5:3-аар ялжээ.
Монголын баг өнөөдөр өглөөний байдлаар нэг алт, нэг мөнгө, 11 хүрэл, нийт 13 медальтай хүснэгтийн 27 дугаар байрт жагсаж байна.




Гэрэл зургуудыг МССХ-ны гишүүн Ч.Ганбат, Ч.Ганболд
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!