Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй албаны хүмүүс Монгол банк, арилжааны банкны төлөөллүүдтэй "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилт"-ын талаар зөвлөлдөх уулзалт хийлээ.
Энэхүү уулзалт нь хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр арилжааны банкуудтай санал солилцож буй гурав дахь удаагийн уулзалт юм. Уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгууллаа.
Уулзалтаар Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн талаар" илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.