Энэ оны эхний улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр өглөө 9 цагт эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 3-ны өдрийн өглөөний 9 цаг хүртэл үргэлжлэх юм.
УИХ-аас Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа явуулах боломжийг бүрдүүлсэн.
Энэ дагуу Төрийн албаны зөвлөл 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар төлөвлөн товоо гаргажээ.
Төрийн албаны зөвлөл төрийн бүтээмжийн сэргэлтийг дэмжих, төрийн албаны шалгалтыг төрийн байгууллагын бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүндрэл чирэгдэлгүй, шуурхай, хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулж, сонгон шалгаруулалтын өнөө үеийн чиг хандлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Тус зөвлөл төрийн албаны тусгай болон ерөнхий шалгалт өгөх, төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмуудыг нэгтгэн “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” болгон шинэчлэн баталсан байна.
Уг шинэ журмыг 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Засгийн газраас “Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталсан.
Ингэснээр улс төрийн албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалд шилжин ажиллах хүсэлтэй иргэд ерөнхий шалгалт өгч нөөцөд бүртгүүлэн, тусгай шалгалтад өрсөлдөж шилжин ажиллах боломжтой юм байна.