Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ИБУИНХУ-ын Элчин сайд ноён Филип Малоныг хүлээн авч уулзан, хоёр орны геологи, уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ чиглэлд шинэ техник технологи нэвтрүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар, сайд Ж.Ганбаатар Монгол Улс газрын ховор элемент, чухал ашигт малтмалын судалгааны ажилд анхаарал хандуулж, энэхүү ашигт малтмалын хайгуул, судалгааны ажилд гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн газрын ховор элемент, чухал ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалтын чиглэлээр хамтарсан төсөл, судалгааны ажил хэрэгжүүлэх талаар санал тавив.
Элчин сайд Филип Малон, хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, геологи, хайгуулын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологийг нутагшуулахад дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.