Соёлын сайд Ч.Номин Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэйти Смиттэй Соёлын яаманд уулзаж, соёлын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин Засгийн газар, Соёлын яамнаас хэрэгжүүлж буй соёлын бодлого, шинээр болон шинэчлэгдэн гарч буй Соёлын тухай, Кино урлагийг дэмжих тухай болон Музейн тухай хууль, салбарын хөгжлийн үндсэн бодлого, тэргүүлэх чиглэлийг танилцуулж, гадаад хамтын ажиллагааны хүрээнд Австрали улстай олон талаар хамтран ажиллах эрмэлзэлтэй буйгаа хэлэв.
Тухайлбал, хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөр буюу Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд үүнд соёл, урлагийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт, соёлын боловсролын мэргэжилтэн бэлтгэх асуудлыг тусгахаар ярилцав.
Мөн өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталж, төрөөс дэмжлэг үзүүлэн ажиллахаар тогтсон тул энэ хүрээнд Австрали Улсын Соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн судалгаа, эрдэм шинжилгээний сайн туршлагыг судлахаар санал солилцов. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан хоёр улсын уран бүтээлчдийг оролцуулсан Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах “Welcome to Mongolia” арга хэмжээг энэ ондоо багтаан зохион байгуулахаар тогтов.
Уулзалтын төгсгөлд, Соёлын сайд Ч.Номин Морин хуурын чуулгыг Австралийн “Сиднейн дуурийн театр”-т анх удаа тоглуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа талаар хэлж, тоглолтыг зохион байгуулахад бүхий л талаар дэмжлэг үзүүлэхийг хатагтай Элчин сайдаас хүслээ.