Соёлын сайд Ч.Номин өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар, Монгол Улсын соёлын салбарт гарч буй соёлын тухай хууль тогтоомж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогод нийцсэн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Тухайлбал, Монгол Улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, улс орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүхий хууль эрх зүйн боломжой болсон тул Засгийн газар хоорондын кино хамтран бүтээх хэлэлцээр байгуулах талаар санал солилцов. Мөн Засгийн газар, Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлж, Төрөөс дэмжлэг үзүүлэх тэргүүлэх чиглэлийг баталсан бодлогын хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч ИБУИНХУ-тай хамтран ажиллах талаар ярилцав.
Мөн “Тамгагүй төр” жүжгийг ИБУИНХУ-ын Лондон хотын "Колизиум" театрт энэ оны арваннэгдүгээр сард тоглохоор болсон тул энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Ташрамд дурдахад, Монголын үндэсний музей ИБУИНХУ-ын Кембрижийн их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхим, Дотоод Ази болон Монгол судлалын төвтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, Монгол судлалын салбар дундын судалгааны чиглэлээр хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах, судлаач, ажилтан солилцох чиглэлээр ажиллах болсон бөгөөд энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод Монголын бөө мөргөлийн уламжлал сэдвийн хүрээнд тусгай үзэсгэлэнг дэглэн Монголын үзэгчдэд толилуулах болсон.
Тус үзэсгэлэнд Монголын үндэсний музейн цуглуулгаас гадна Кэмбрижийн Археологи, антропологийн музей (МАА) болон Монгол судлалын төвтэй эрдэм шинжилгээ судалгааны түншлэл байгуулж, өнгөрсөн болон одоо байгаа уламжлалт анагаах ухааны тухай гэрэл зураг, видео материал, биет үзмэрүүд, Кэмбрижийн Археологи, антропологийн музейд Оуэн Латтимор, Этел Линдгрений гэрэл зургийн цуглуулга зэрэг түүхэн материалуудаас сонгон судалгааны баг орчин үеийн технологийн дагуу баримтжуулж үзэсгэлэнд дэлгэнэ.