Их түмэн санаачилга (ИТС)-ын дотоодод болон гадаадад боловсруулалт хийх горимын Ажлын хэсгийн анхдугаар уулзалт өчигдөр /2023.04.05/ Улаанбаатар хотноо эхлэв.
Их түмэн санаачилга (ИТС) нь Зүүн хойд Азийн болон Түмэн голын их сав газрын бүс нутгийн, ялангуяа хөдөө аж ахуй, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, тээврийн салбарын интеграцчлал, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хөхүүлэн дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс анх 1991 онд санаачилсан засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм. Одоогийн байдлаар БНХАУ, БНСУ, Монгол Улс, ОХУ гэсэн 4 гишүүн оронтой.
Монгол Улсын Гаалийн байгууллагаас “Барааг дотоодод болон гадаадад түр хугацаагаар боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын тусламжтай жижиг дунд үйлдвэрлэлийн экспортыг дэмжих” төслийг 2019 онд санаачилж, өдгөө ийнхүү биеллээ олж талууд анхны уулзалтаа 2023 оны 04 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо цахим болон биет хэлбэрээр амжилттай зохион байгуулж байна.
Тус хөтөлбөрийг БНСУ-ын Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн холбоо, БНСУ-ын Мөрөөдлийн гаалийн алба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн БНХАУ дахь салбар, ИТС-ийн Нарийн бичгийн даргын газар болон Монголын гаалийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.
Уулзалтаар гишүүн орны гаалийн байгууллагууд “Барааг дотоодод болон гадаадад боловсруулах горим”-ыг хэрхэн хэрэгжүүлж буй туршлагаа солилцон, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцаж байна.
Мөн уулзалтын үеэр БНСУ-ын ИААН-ийн холбоо ГЕГ-ын төлөөлөлтэй уулзаж, хоёр орны гаалийн байгууллагын хооронд байгуулсан “ИААН-ийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, түүний дотор хөтөлбөрийн үр нөлөөг сайжруулах замаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.