Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчны камерыг нэгдсэн сүлжээнд холбож, Теле камерын хяналтын нэгдсэн төв болон дэд төвүүдийг 2024-2025 онд байгуулсан.
Түүнчлэн Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй ухаалаг камерыг шинээр суурилуулсан юм. Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байгаа бөгөөд үүний нэг авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байна.
Ухаалаг камерын систем нэвтрүүлэхээс өмнө “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ жилд дунджаар 70 уулзварын эрчмийн тооллогыг гар аргаар хийж, 44 камерын бичлэг шүүж, тооцоолол хийсний үндсэн дээр уулзваруудын гэрлэн дохионы горим болон хугацааг тохируулан ажилладаг байсан. Мөн жилд нэг удаа, нэг уулзварт өдрийн оргил ачааллын цагууд буюу 07:00-08:00, 13:00-14:00, 17:00-18:00 цагт тооллого хийдэг байсан.
Харин ухаалаг камерын систем нэвтрүүлснээс хойш дараах үр дүн гарсан. Авто замын хөдөлгөөний эрчмийн тооллогыг бодит цагийн горимд хийдэг болсон, авто машины зорчилт хөдөлгөөний урсгал чиглэлийг тодорхойлох, хөдөлгөөнд оролцож буй зөрчилтэй авто машиныг илрүүлж, хяналт тавин ажиллаж байна. Ингэснээр бүх зохицуулдаг уулзвар, гарцын гэрлэн дохионуудыг зөв тохируулж, гэрлэн дохио удирдах тоог 50 хувиар бууруулсан. Үр дүнд нь нэг албан хаагчид ногдох ачааллыг бууруулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгосон.
Систем нэвтрүүлэхээс өмнө 50 уулзварын гэрлэн дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирддаг байсан. Харин өнөөдрийн байдлаар 93 уулзварын гэрлэн дохиог өдөрт дунджаар 4500-4800 удаа удирдан ажиллаж байна. Цаашид хүний оролцоогүйгээр ухаалаг системээр замын хөдөлгөөний ачааллыг тооцоолон бүх уулзварын уялдааг хангаж, нэгэн зэрэг удирдах автомат системийн бодит цагийн суурь өгөгдлийг хөгжүүлж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!