НЬЮ-ЙОРК, 2026 оны нэгдүгээр сарын 29 /TASS/. АНУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгч Tesla компани Калифорни муж улсын Фримонт хот дахь үйлдвэртээ S болон X загварын автомашинуудыг үйлдвэрлэхээ зогсоож, уг үйлдвэрийг хүн дүрст Optimus роботуудыг үйлдвэрлэхэд ашиглахаар төлөвлөж байгаа тухай компанийн захирал Илон Маск дөрөвдүгээр санхүүгийн улирлын үр дүнгийн талаар цахим хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгджээ.
“Надад та бүхэнд дуулгах мэдээ байна. Энэ мэдээг муу гэж хэлж болохгүй, гэхдээ S ба X загваруудын үйлдвэрлэлийг зогсоох цаг нь ирсэн гэж ойлгож болно. Эдгээр загварыг тэтгэвэрт нь гаргаж байна. Үүний шалтгаан гэвэл, бид автомат технологид суурилсан ирээдүй рүү тэмүүлж байгаатай холбоотой. Хэрэв та бүхэн S, X загваруудыг худалдан авах гэж байгаа бол одоо хамгийн тохиромжтой цаг, учир нь бид ирэх улиралд эдгээр загварын үйлдвэрлэлийг зогсоохоор төлөвлөж байна” гэж И.Маск хэлжээ.
Маск нэмж хэлэхдээ, Фримонт дахь үйлдвэрийн S ба X загварын цахилгаан машин үйлдвэрлэдэг хүчин чадлыг “Optimus роботуудын үйлдвэр болгон хувиргана” гээд “тус үйлдвэрт жил бүр нэг сая ширхэг Optimus робот үйлдвэрлэх нь бидний урт хугацааны зорилт” гэж онцолсон байна.
Хүн дүрст робот үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа И.Маск 2021 оны наймдугаар сард мэдэгдэж байсан бөгөөд Optimus роботыг 2024 оны 10 дугаар сард олон нийтэд танилцуулсан юм. Тэрбээр уг роботын хамгийн үнэтэй загвар нь 20-30 мянган ам.долларын хооронд байх бөгөөд хүн бүр авах боломжтойг онцолж байв. 2025 оны тавдугаар сард Optimus робот хэрхэн бүжиглэж байгааг тэрбээр үзүүлж байсан бол 10 дугаар сард Холливудын улаан хивсний ёслолын үеэр уг робот күнфүгийн ур чадвараа харуулжээ. Энэ оны Давосын эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэхдээ И.Маск Tesla компани хүн дүрст роботуудыг 2027 оны эцэс гэхэд худалдаанд гаргаж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!