Мэргэжлийн холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг "ONE Championship"-ийн ээлжит өдөрлөг өнөөдөр/2026.07.31/ болно. Энэ өдөрлөгийн оргил тулааны эзэд нь бантам жингийн аварга Б.Энх-Оргил болон түүний бүсэнд шунасан Эльбек Алышов нар билээ.
Тулааны өмнө өгсөн ярилцлагадаа Б.Энх-Оргил аварга "Өрсөлдөгч маань өмнө нь Пакатив болон Бумина-ан зэрэг миний өрсөлдөгч нартай тулалдсан. Би тэдэнтэй гурван үе тулалдсан бол тэр ялимгүй эрт дуусгасан байна лээ. Тэгэхээр тэр хүчтэй гэсэн үг. Өмнөх тулаануудын үр дүнг харвал надаас ч хүчтэй юм шиг" гэв.
Өдгөө 37 настай Б.Энх-Оргил өмнө нь Фабрисио Андрадег ялж, аваргын бүсийг хүртсэн билээ.
Тэрбээр ярилцлагынхаа төгсгөлд "Тэр том босс биш ээ. Би ирээдүйд түүнээс ч хүчтэй өрсөлдөгчидтэй тулалдана. Би үүнийг өдөр бүр л хийдэг. Нэг л зүйлийг баттай хэлэхэд өрсөлдөгч бүр маань л надад учрыг нь олох шинэ хэв маягийг харуулдаг. Би түүн шиг ур чадвартай өрсөлдөгчтэй өмнө нь тулалдаж байгаагүй" гэв.
Б.Энх-Оргил өрсөлдөгчийнхөө сул талыг хэдийнэ олсон бөгөөд үүн дээр нь илүүрхэнэ гэжээ. Түүний хувьд сүүлийн дөрвөн тулаандаа ялж, замналаа 14-3 гэсэн амжилттай үргэлжлүүлж байна.
Харин орос-азербайжан гаралтай Эльбек Алышовын хувьд энэ тулаанд ялж, гэр бүлдээ санхүү, мөнгөөр туслах зорилготой байгаа аж. Тэрбээр ярихдаа "Надад мөрөөдөл бий. Манай гэр бүлд байшин байхгүй. Би гэр бүлдээ, надад ойр хүмүүстээ тусалмаар байна. Зөвхөн гэр бүлдээ ч биш хүмүүст тусалмаар байна" гэв.
Эльбек Алышов одоогоор нэг ч ялагдалгүй замналаа үргэлжлүүлж байна.
Өдгөө 27 настай тулаанч үргэлжлүүлэн "Үнэндээ аваргын бүсний төлөө тулалдана гэж төсөөлөөгүй. ONE Championship үнэхээр миний болон гэр бүлийн минь амьдралыг өөрчлөх үнэ цэнтэй, гайхалтай боломжийг надад олгосон. Би энэ мөчийн төлөө л олон жил зүтгэсэн" гэлээ.
Хоёр тамирчны тулаан өнөөдөр 21:30 цагаас эхэлнэ.
Эх сурвалж: News.mn



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!