ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино хөлбөмбөгийн ДАШТ, клубуудын ДАШТ-ий эрхийг эзэмших компани байгуулж, түүний тодорхой хэсгийг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын ойр дотны хүмүүсийн эзэмшдэг компанид зарахаар төлөвлөж буйг өмнө нь мэдээлсэн.
Харин өнөөдөр UEFA ( Евродын хөлбөмбөгийн холбоо) хэрэв Ж.Инфантино энэ төлөвлөгөөгөө орхиж, албан ёсны баталгаа гаргаагүй цагт Европын хөлбөмбөгийн холбооны гишүүн 55 орон ФИФА-аас зохиох ямар ч тэмцээнд оролцохгүй гэдэгт санал нэг байгаа гэдгээ мэдэгдлээ.
ФИФА-гийн "босс"-ын төлөвлөгөөг Европоос бусад тивийн хөлбөмбөгийн холбоод ч дэмжихгүй байх магадлалтай ажээ.

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч шэйх Салман бин Ибрахим Аль Халиф АХХ-ны гишүүн 47 орны хөлбөмбөгийн холбоонд захидал илгээж, энэ төлөвлөгөөг ФИФА Азийн холбоонд танилцуулж, зөвлөлдөөгүй гүнээ харамсаж, маш сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсэн бол Конкакаф буюу Төв болон Хойд Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбоо ( 41 гишүүнтэй) "Бидний хувьд хөлбөмбөг нэгд байх ёстой. Түүхэн дэх хамгийн их орлого ( хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ-ий цэвэр орлого нь 17 тэрбум ам.доллар болсон) олсон ДАШТ-ий дараахан нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаө эсэхэд эргэлзэж байна" гэжээ.
Хөлбөмбөгийн ертөнцөд "түймэр" тавиад буй энэ асуудлаар ФИФА ч, Азийн хөлбөмбөгийн холбоо ч Монголын хөлбөмбөгийн холбоонд захидал илгээсэн нь тодорхой байна. Харин манай хөлбөмбөгийн холбооны удирдлага, Удирдах зөвлөл ямар байр суурьтай буйгаа албан ёсоор хөлбөмбөгчид, хөлбөмбөг сонирхогчдод мэдээлэх шаардлагатай.
Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!