Казахстаны Астана хотноо болсон Ази тивийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр /2023.04.14/ эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 125 кг-д ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл тивийн аваргын алтан медаль хүртлээ.
Тэрбээр, Казахстаны бөх, 2020 оны Ази тивийн аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Юсуп Батирмурзаевтай аваргын төлөө хүч үзэж 1:1-ээр /сүүлийн оноогоор/ хожиж, Ази тивийн АШТ-ээс анхны медалиа авлаа.
М.Лхагвагэрэл хагас шигшээ барилдаанд гол өрсөлдөгч Ираны залуу од Амирреза Фардин Масуми Валади /сүүлийн хоёр жил U17, U20, U23 насны дэлхийн аваргад түрүүлсэн/-тай хүч шавхсан, тун хүнд барилдаан хийж 8:6-гаар ялалт байгуулсан. Энэ барилдаанд манай бөх 3:6-гаар хожигдож яваад цаг дуусахаас 2 секундын өмнө нь дэвжээний захад хутгаж унаган ялалтын 4 оноогоор авсан юм.
Ийнхүү Астана хотноо сонгомол болон чөлөөт бөхийн Азийн АШТ долоо хоног үргэлжилж өндөрлөсөн бөгөөд Монголын баг энэ жилийн Ази тивийн чөлөөт бөхийн АШТ-ийг 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилттай дуусгаж байна.
М.Лхагвагэрэл тивийн аваргад түрүүлсэн бол Т.Тулга (65 кг), Ч.Отгонтуяа (55 кг), П.Орхон (62 кг) нар мөнгө, Т.Түвшинтулга (61 кг), О.Сүлдхүү (74 кг), Г.Ганхуяг (92 кг), Б.Болортуяа (53 кг), Э.Даваанасан (72 кг) нар хүрэл медалийн эзэд болсон юм.
Ташрамд дуулгахад, эрэгтэйчүүпийн 74 кг-д сүүлийн хоёр жилийн насанд хүрэгчдийн улсын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин О.Сүлдхүү тивийнхээ шилдгүүдтэй анх удаа хүч үзсэн юм. Энэ жил 22 настай түүний хувьд хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жил Улаанбаатарт 79 кг-д Азийн аварга болж байсан БНСУ-ын Гон Бён Минтэй хүч үзсэн. О.Сүлдхүү өөрөөсөө 10 насаар ах Гуулин улсын туршлагатай бөхтэй ямар ч хийгүй нягт барилдаан хийж 6:0-ээр ялснаар АТАШТ-ий хүрэл медальтан болов.