Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тойргийн барилдаан Канагава мужийн Фүжисава хотод явагдаж байна. Тойргийн барилдаанд сүүлийн хэдэн башёд зодоглоогүй ёкозүна Тэрүнофүжи оролцож байгаа билээ.
Тэрүнофүжи хоёр өвдөгний архаг гэмтлийн улмаас өнгөрсөн жилийн Намрын тэмцээнээс гарсан. Аравдугаар сард нь хагалгаа хийлгэж, гурван башё дараалан барилдаагүй. Хаврын тойргийн барилдаанаас бэлтгэл хийж эхлээд байгаа юм.
Өчигдөр Фүжисавад дээд зиндааны шилдэг 16 бөхийн тэмцээн хасагдах журмаар явагдаж, Тэрүнофүжи түрүүллээ. Тэмцээнд долоон сарын дараа барилдаж байгаа нь энэ юм.
Тэрүнофүжи эхний тойрогт Абиг, хоёрдугаар тойрогт нэг дэвжээний Мидорифүжи, хагас шигшээд Хаврын тэмцээнд түрүүлсэн сэкивакэ Кирибаямаг, финалд Вакамотохарүг тус бүр давжээ. Мидорифүжигээс бусдыг нь баруун золгоод урагш түрэн гаргаж, ялж байсан нь аварга эргэн ирэхэд тун ойрхон болсныг харууллаа. Зуны тэмцээнд зодоглох нь ч ойлгомжтой болжээ.
Эх сурвалж: Спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ Zindaa.mn