Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi Алтан цом"-ын төлөөх шигшээ барилдааны гурав дахь тойргийн барилдаанд Төв –Баянхонгор аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Баянхонгор аймгийн баг 15:9-өөр ялалт байгуулав.
Баянхонгор аймгийн багт улсын харцага Н.Золбоо /4/, өсөх идэр начин Б.Эрдэнэхүү /1/ гуравдугаар тойрогт барилдсаны дараа гэмтлийн улмаас барилдааныг орхисон/, улсын начин Д.Цэрэнтогтох /4/, улсын начин Э.Батмагнай /3/, аймгийн арслан Б.Бат-Орших /3/, дөрөвдүгээр тойргоос сэлгээгээр орж барилдсан аймгийн арслан Ч.Алтангэрэл /0/ нийт 15 даваа авсан бол Төв аймгийн багт улсын заан Б.Батмөнх хоёр тойрог барилдан сэлгээнд сууж, оронд нь орж барилдсан улсын начин Г.Ганжад /1/, улсын начин Д.Хүдэрбулга /5/, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр /0/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /1/, аймгийн арслан Н.Дашдаваа /2/ нийт 9 даваа авсан юм.
Барилдах явцад цохих, мөргөх зэрэг дүрмийн бус үйлдэл гаргасан аймгийн арслан Ч.Алтангэрэл, Н.Дашдаваа нарыг барилдаанаас хасав.
Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 3.000.000 төгрөгийг Баянхонгор аймгийн хүүхдийн эмнэлэгт, хожигдсон баг 2.000.000 төгрөгийг Төв аймгийн “Дэлбээ” цэцэрлэгт хандивлах юм.
Төв аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Л.Бадарч, Баянхонгор аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ж.Чулуунбат нар ажиллалаа.
Өнөөдөр өдөр 16:00 цагаас Архангай – Завхан аймгууд барилдана.