Засгийн газрын өнөөдрийн /2023.04.26/ хуралдаанаар Монгол, Катар хоёр улсын хоорондын “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг эцэслэн баталлаа.
Өнгөрсөн 3 дугаар сард хоёр тал тус хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Хэлэлцээр батлагдсанаар Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх, аялал жуулчлал, бизнес, худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжих маш том боломж бий болж байгаа юм. Мөн Улаанбаатараас Ойрхи дорнод, Хойд Африк, Булангийн орнууд руу зорчигч болон ачаа тээвэрлэх боломжтой боллоо.
Катарын талаас “Qatar Airways” компани нислэг гүйцэтгэхээр бөгөөд тус компани нь өдгөө 90 улсын 150 чиглэлд нислэг үйлддэг. Өнгөрөгч 2022 онд гэхэд тус авиа компаниар 18.5 сая зорчигч үйлчлүүлж, 2021-2022 оны санхүүгийн жилд нийт 5.6 тэрбум риал буюу 1.54 тэрбум ам.долларын цэвэр ашиг олж, дээд амжилт тогтоосон дэлхийн шилдэг агаарын тээвэрлэгч юм.
Түүнчлэн манай улс “Qatar aeronavigation academy”-тай хамтран ажиллах юм. Уг академи нь дэлхийн олон орны нисэхийн боловсон хүчнийг бэлтгэж, эрдэм шинжилгээний болон мэргэшүүлэх сургалт явуулдаг бөгөөд нисгэгч, нисэх онгоцны засвар үйлчилгээний инженер, нислэгийн удирдагч, цаг уурч, нисэх онгоцны буудлын ашиглалтын удирдлагын ажилтан, аюулгүй байдал болон цагаачлалын ажилтнуудад зориулсан сургалтуудаас гадна нисэхийн олон төрлийн мэргэжлээр богино хэмжээний сургалт, IDP IELTS-ийн сургалтыг зохион байгуулдаг байна.
Ийнхүү Монгол, Катар хоёр улсын “Агаарын харилцааны хэлэлцээр” батлагдсанаар өргөн хүрээний ач холбогдол бүхий боломжууд нээгдэж байна.