Ажлын хэсгийн эхний хурлыг 04 дүгээр сарын 27-ны өдөр ИНЕГ-ын хурлын танхимд зохион байгуулж, нийт гишүүдэд USAP CMA аудит шалгалтын зорилго, өмнөх аудитын үр дүнгийн талаар танилцуулга, мэдээллийг өгч, ажлын хэсгийн нэгдсэн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар танилцууллаа.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Нисэхийн аюулгүй байдлын аудитын хөтөлбөрийн Байнгын хяналтын аргачлал /USAP CMA/-ын хүрээнд Монгол Улсад 2023 оны 10 дугаар сарын 10–20-ны өдрүүдэд Нисэхийн аюулгүй байдлын аудит шалгалтыг хийх болсонтой холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны А/114 дүгээр тушаалаар тус аудитад бэлтгэх, шалгуулах Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан.
Тус Ажлын хэсгийг Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын улсын ерөнхий байцаагч П.Ганболд ахалж байгаа бөгөөд энэхүү Ажлын хэсэг нь ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба, салбар нэгжээс гадна ЗТХЯ, ТЕГ, Терроризмтэй тэмцэх зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0218 дугаар анги, Чингис хаан олон улсын нисэх буудал гаалийн газар, Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК, “МИАТ” ТӨХК зэрэг байгууллагуудыг хамарсан өргөн хүрээтэй бүрэлдэхүүн хамтран ажилладаг онцлогтой.