Хорватын Загреб хотноо энэ сарын 1-5-нд болсон ДБНХ / FILA /-ны чансааны оноо олгох “Zagreb Open - 2023” тэмцээнд Монгол шигшээ багийн эмэгтэй бөхчүүдээс 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан нар оролцлоо.
Энэ тэмцээний 50 кг-д Д.Отгонжаргал Азербайжаны бөхийг 10:5 ялсан ч шөвгийн наймд Стадниктай таарч, 6:2-оор ялагдаж, тэмцээнээ дуусгав. Энэ жинд Японы Сүсаки тэргүүлсэн.
Эмэгтэйчүүдийн 53 кг-д “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан Франц, АНУ-ын бөхийг ялсан ч шөвгийн наймд Канадын Диана Вейкерт цэвэр ялагдав.
Харин тус жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа АНУ, Унгар, Румын, Канадын бөхчүүдийг дараалан ялж, шигшээ барилдаанд 2021 оны Ослогийн дэлхийн аварга Акари Фүжинамитай учраа таарав. Залуу од Акари манай бөхийг 10:0-ээр ялснаар дараалсан ялалтын тоо нь 111-д хүрлээ. Тэр Загребийн тэмцээнд тав барилдахдаа нийт 51:0 оноогоор ялжээ.
Ийнхүү гавьяат тамирчин Б.Болортуяа “Zagreb Open - 2023” тэмцээний мөнгөн медалийн эзэн боллоо.