Стандарт, хэмжил зүйн газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгодог.
Энэ хаврын ээлжит баталгаажуулалтын ажлын хүрээнд Эзлэхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лаборатори (ЭЗХХБЛ)-ын улсын шалгагч нар 2023.04.17-05.03-ны өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй “Шунхлай” ХХК-ны 36 шатахуун түгээх станцын 314 түгээгүүрийн хошуунд, “Петровис” ХХК-ны 36 шатахуун түгээх станцын 540 түгээгүүрийн хошуунд шалгалт баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Энэ үеэр ЭЗХХБЛ-ын шалгагч Г.Тэмүгэ “Шатахуун түгээх станцууд нь баталгаажуулалт хийлгэж, улсын байцаагчийн гэрчилгээг авснаар нийтэд нээлттэй байршуулах, лац ломбыг хөндөхгүй байх үүрэг хүлээдэг. Хавар хийсэн баталгаажуулалтын гэрчилгээ нь намар хүртэл хүчин төгөлдөр үйлчилдэг. Тиймээс иргэд, хэрэглэгчид та бүхэн үйлчлүүлж буй шатахуун түгээх станц нь улсын байцаагчийн гэрчилгээ авсан эсэхийг шалгаж үйлчлүүлэхийг зөвлөж байна” гэв.
Цаашид зургаадугаар сарын 20-ны өдрийг хүртэл Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцуудад шалгалт баталгаажуулалт хийж, гэрчилгээг олгоно.