Энэ жилийн Чуулган цар тахлын дараагаар буюу эдийн засгийн сэргэлт хийх, хөдөлмөрийн ертөнц дэх дижитал, шинэ ур чадвар, дадлагажилт, хөдөлмөр эрхлэлтийг хамгаалахад чиглэн дэлхий нийтээрээ хүчин зүтгэж буй үед зохиогдож байна. Чуулганы арга хэмжээнд 187 гишүүн улсын Засгийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын 4000 гаруй төлөөлөгчид оролцож, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, үйлдвэрлэлийн бодлого, технологид суурилсан байгаль орчинд ээлтэй шударга нийгэм ба эдийн засгийн өсөлтөд чиглэсэн шилжилт, түүнд чиглсэн зохистой хөдөлмөр эрхлэлт, эрх тэгш нийгмийн төлөөх шударга даяарчлал, дадлаган хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр хамгаалал зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.
Чуулган 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх ба 14,15-нд “World of Work” сэдэвт дээд хэмжээний уулзалт зохиогдохоос гадна Санхүү, Хэрэгжилт ба тайлагналт, Стандарт зэрэг үндсэн хороодын хуралдаанууд тус тус болох юм.
Манай улсын 3 талын төлөөлөгчдийн тэргүүн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар 06 дугаар сарын 06-ны өдөр Нэгдсэн хуралдаанд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ерөнхий Захирлын тавих үндсэн илтгэлийн хүрээнд үг хэлж, Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ.