Өнөөдөр буюу 2023 оны долоодугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хараа, Ерөө, Шарын гол, зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол болон Хангай нурууны арын Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдэж, Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Улиастай, Онон, Орхон гол Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчимд үерийн түвшинг 20-60 см, Туул , Ерөө , Сэлбэ, Хэрлэн, Балж зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу долоодугаар сарын 9-нд Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 50 см, Ерөө гол Дулаанхаан болон Хараа гол Дархан хот орчимд 10-15 см, Хэрлэн голын дунд болон адгаар 5 см, Онон гол Дадал сум орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Өнөө маргаашдаа нутгийн төв болон зүүн хэсгээр түр зуурын бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан дээр дурьдсан голуудын усны түвшин улам нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голд зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар