Зүүн Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн өнөөдөр /2023.08.23/ Налайх дүүрэгт болсон эмэгтэй 3000 м, эрэгтэй 5000 метрийн кросс гүйлтийн уралдаанаар өндөрлөлөө.
Зориулалтын тартан замд биш, задгай талбайд уралддагаараа онцлогтой кросс уралдаанаас Монголын тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв.
Эмэгтэйчүүдийн 3000 м-т Японы Момоко Ямада 11:10.05 минутын амжилтаар түрүүлж, Монголын М.Мөнхжин 12:33.83 амжилтаар удаалав. Хүрэл медалийг Х.Уранжаргал 16:14.84 үзүүлэлтээр хүртсэн юм.
Эрэгтэйчүүдийн 5000 м-т мөн Японы Даики Сасаки 16:50.92 минутын амжилтаар өнгөлж, Монголын Э.Чингүнэ (19:20.43), С.Алтансүх (20:03.85) нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү манай хөнгөнийхөн Зүүн Азийн залуучуудын наадмыг 3 мөнгө, 5 хүрэл, нийт 8 медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.