"Ханжоу 2022" Азийн зуны спортын 19 дүгээр наадам БНХАУ-ын Ханжоу хотод есдүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 8-нд зохион байгуулагдана.
Тус наадам нь өнгөрсөн жилийн есдүгээр сард зохион байгуулагдах байсан боловч цар тахлын улмаас бүтэн жилээр хойшлогдоод байсан билээ. "Ханжоу 2023" наадамд Монголын хөлбөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөх юм. Манай улсын эрэгтэй шигшээ баг "B" хэсэгт Вьетнам, Саудын Араб, Ираны шигшээ багтай орсон байна. Харин Эмэгтэй шигшээ баг "А" хэсэгт БНХАУ, Узбекистаны шигшээ багтай тоглохоор болжээ.
Монголын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг тус наадмын дараа 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Афганистаны шигшээ багтай 10 дугаар сарын 12, 17-нд тоглох юм.
Ташрамд дурдахад, Монголын баг тамирчид "Тегеран 1974" Азийн наадмаас эхлэн нийт 11 удаагийн наадмаас 24 алт, 46 мөнгө, 85 хүрэл нийт 155 медаль хүртээд буй гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.