Ханжоу хот /burged61.mn/ "Ханжоу-2023" Азийн XIX наадам 13 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр CSC Cycling Road Course уралдааны замд дугуйчин ОУХМ С.Жамбалжамц 207,7 км туулах /Men's Road Race/ холын зайн уралдаанд 4:31:11 гэсэн амжилтаар хурдалж Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо. Түүний өмнө Казахстаны 2 тамирчин 4:25:29 гэсэн амжилтаар шалгарлаа. Мөн Б.Тэгшбаяр 4:36:15 гэсэн амжилтаар 35 дугаар байр эзэлжээ.
Өчигдөр орой "HZ Gymnasium" ордонд болсон боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 63,5 кг жинд гавьяат тамирчин Б.Чинзориг , Хятадын Тайванийн тамирчин Лай Чу Ень /Lai Chu En/-тэй тоглон 5:0-ээр ялж Азийн наадмын аваргын алтан медаль анхлан хүртсэн Монгол тамирчнаар тодорсон билээ.
Ийнхүү өнөөдрийн байдлаар /2023.10.05/ Монгол улсын баг албан ёсоор 1 алт, 4 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн тоогоор 24-т, медалийн чанараар 17-д бичигдээд байна.
Азийн XIX наадмын 2 дахь өдөр Монголын буудлага спортын эмэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртэж Монголын багийн медалийн салхийг хагалсан бол жүдочид 2 мөнгө / эрэгтэй -100 кг-д Б.Гончигсүрэн, 66 кг-д Ё.Басхүү/, 3 хүрэл /эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар, эмэгтэй +78 кг-д А.Адъяасүрэн, 52 кг-д Л.Сосорбарам/, мөн холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.
Улмаар Монголын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн баг мөнгөн медаль, эрэгтэйчүүд хүрэл медалийн эзэд болсон шинэ түүхийг түүхийг бичсэн.
Мөн Монголын кураш бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг жинд Ц.Батцэцэг хүрэл медаль, боксын эмэгтэйчүүдийн 50 кг жинд О.Есүгэн хүрэл медаль хүртсэн бол Е спортын баг тамирчид DOTA2 төрөлд Азийн наадмын мөнгөн медалийн эзэд болсон юм.
Мөн байт сурын төрлөөр Монголын тамирчдаас Б.Отгонболд мөнгөн медалийн болзол хангаад байгаа бөгөөд энэ сарын 7-нд Азийн наадмын аваргын алтан медалийн төлөө цэц мэргээ сорино.
"Ханжоу-2022" Азийн 19 дүгээр наадмын 13 дахь өдрийн 16.00 цагийн байдлаар БНХАУ-ын баг тамирчид медалийн тоо болон чанараар 174 алт, 95 мөнгө, 53 хүрэл, нийт 322 мeдаль хүртсэн амжилтаар тасархай тэргүүлж байна.
Хятадын шигшээ багийн араас БНСУ-ын шигшээ баг 33 алт, 45 мөнгө, 71 хүрэл /нийт 149/, Японы шигшээ 37 алт, 51 мөнгө, 59 хүрэл /нийт 147/, Энэтхэгийн шигшээ 20 алт, 31 мөнгө, 32 хүрэл /нийт 83/, Узбекистан 16 алт, 16 мөнгө, 22 хүрэл /нийт 54/ Казахстаны шигшээ баг 6 алт, 12 мөнгө, 36 хүрэл /нийт 54/ медальтай 2-6 дугаар байрт жагсаж байна.