Улс орнуудын ирэх өвлийн цаг уурын нөхцөл байдлын урьдчилсан мэдээг The European Centre for Medium-Range Weather Forecast төвөөс гаргажээ.
Тус төвийн мэдээгээр ирэх нэг, хоёрдугаар сард цас их орох төлөвтэй байгаа аж. ОХУ-ын ихэнх бүс нутгаар аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сард хэд хэдэн удаа цас орж, цасан шуурга шуурч, эрт хүйтэрнэ. Харин АНУ-ын цаг агаар Сибирийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарах нь.
Мөн Европ даяар цаг агаарын ерөнхий төлөв байдал аажмаар өөрчлөгдөж Баруун Европоос Исланд хүртэлх агаарын даралт хэвийн хэмжээнээс доогуур байгааг харуулж байна. Үүний үр дүнд Хойд Атлантын далайгаас Баруун хойд Европ, Скандинав руу чиглэсэн нам даралтын урсгалын нөлөөгөөр зарим хэсгээр хур тунадас их, салхи шуургатай. Их Британи улсын нутаг дэвсгэрт ч цаг агаар тогтворгүй байх нь.
Эндээс үзэхэд 2023 оны арваннэгдүгээр сард цочир хүйтрэх, нойтон цас орж, салхины хурд шүрүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Өвөлдөө уулархаг бүс нутгаар цас ахиухан орж, зузаан цасан бүрхүүл эрт тогтох урьдчилсан мэдээ гарчээ.
2023 оны арванхоёрдугаар сар, 2024 оны нэг, хоёрдугаар саруудад цас их орсон бүс нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх урьдчилсан төлөвтэй байна. Энэ жил зун, намрын улиралд бороо их орсон учир хөрсний чийг хангалттай байгаагаас арваннэгдүгээр сараас эхлэн хөрс гүн хөлдөж, зузаан цасан бүрхүүл тогтсон газруудад хүйтэн хургаж, өвлийн саруудад үе үе цас орж, шуурах төлөвтэйг мөн анхааруулжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Эх сурвалж: www.severe-weather.eu Орчуулсан Б.Гэрэлзаяа