Боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааг тодорхойлоход чухал нөлөөтэй аймаг, нийслэлийн боловсрол шинжлэх ухааны газрын удирдах ажилтнуудын зөвлөлдөх уулзалт боллоо.
Зөвлөлдөх уулзалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ТНБ-ийн дарга Л.Цэдэвсүрэн болон салбар яамны газар хэлтсийн дарга нар, Боловсролын ерөнхий газар, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн удирдлагууд оролцов.
Боловсролын салбарын багц хуулийг таниулах, салбарын бодлого үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах, салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, удирдах ажилтны чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг уялдуулахад энэхүү зөвлөлдөх уулзалтын гол зорилго оршиж байгаа ажээ.
Уулзалтын үеэр боловсролын салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, шинжлэх ухаан, технологийн бодлого, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын үйл ажиллагаа төлөвлөлт, дээд боловсролын шинэчлэл, мэргэжлийн болон техникийн боловсролын бодлого, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын бодлого, боловсролын салбарын төсөв, санхүүжилтийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын хэрэгжилт, цахим шилжилт болон салбарын статистик үзүүлэлт, салбарын орон нутгийн оролцоо, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн юм.
Мөн нийслэлийн Боловсролын газрын 2023 онд хэрэгжүүлсэн ажил, аймгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилт, боловсролын салбарын хяналтын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, салбарын бүтэц зохион байгуулалт, томилгоо зэрэг цаашид анхаарах асуудлаар салбарын сайд үүрэг чиглэл өглөө.