НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 25. /Bloomberg/. Америкийн Apple компани автомат жолоодлого бүхий анхны автомашинаа гаргахаар товлосон хугацааг хойшлуулсан тухай компанийн эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, тус компани уг машиныг 2028 оноос өмнө танилцуулахаар шийджээ. Түүнчлэн автомашиныхаа төлөвлөгөөг өөрчлөхөөр төлөвлөж байна. Өмнө нь инженерүүд 4-р түвшний автомат жолоодлоготой цахилгаан машин бүтээхээр төлөвлөж байсан бол мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч тус компанийн удирдлагууд хамгийн дээд тал нь 2-р түвшний автомат жолоодлого бүхий автомашин бүтээх боломжийг судалж байгаа ажээ. Ийм түвшний автомат жолоодлого гэдэг нь жолоочид тусалдаг технологиудыг ашиглан хиймэл оюун ухааны тусламжтайгаар автомашиныг жолоодно гэсэн үг бөгөөд жолооч нар замаа анхааралтай харж, ямар ч үед жолоодлогыг гартаа авдаг байх ёстой.
Тус компанийнхан энэ өөрчлөлтийг “Apple Car” төслийн хувьд эгзэгтэй мөч гэж үзэж байгаа бөгөөд компани товчилсон функц бүхий машин гаргах эсвэл автомат жолоодлогод анхаарч төлөвлөгөөгөө дахин эргэн харах гэсэн хоёр сонголттой тулгарчээ. Захирлуудын зөвлөл "iCar" машиныг 2023 онд гаргахыг шаардаж байсан боловч Тим Күүк байр сууриа хамгаалж, автомашиныг танилцуулах хугацааг хойшлуулсан байна.
Apple компани жолоочгүй автомашинаа туршихын тулд 162 мэргэжлийн жолоочийг хөлсөлж авсан тухай хэвлэлүүдэд бичиж байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал