МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав болон Тэргүүлэгч гишүүдийн төлөөлөл пүрэв /2024.02.01/ гарагт Спортын арбитр ТББ-ын Ерөнхийлөгч Г.Батзаяа тэргүүтэй тус байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав.
Тодруулбал, Спортын арбитр ТББ-ын ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүн Э.Золжаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, Давж заалдах комиссын гишүүн Х.Бакытжан, Нарийн бичгийн дарга А.Доржсүрэн нар энэ уулзалтод оролцож өөрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлж байгаа ажлууд, Олон улсын Допингийн эсрэг байгууллагтай /WADA/ хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Уулзалтаар талууд харилцан мэдээлэл солилцож үндэсний бөхийн тамирчид допингийн болон бусад зөрчлүүдэд холбогдох эрсдлийг багасгах мөн Үндэсний их баяр наадмын тухай хууль, Биеийн тамир спортын тухай хууль, Допингийн эсрэг үндэсний дүрэмд зохих өөрчлөлтийг оруулах зайлшгүй шаардлагатай байгааг илэрхийлсэн юм.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “… допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн талаарх мэдээлэл… ” - ийг Спортын арбитр ТББ, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, бөхчүүдийн өмгөөлөгч нар зөрүүтэй өгч байгаад анхаарал хандуулж ажиллах байдал үүсч байгаа тул дээрх байгууллагын удирдлага төлөөллүүд, өмгөөлөгч нарыг хамруулсан нээлттэй уулзалт хийж бодит мэдээллийг олон нийт, бөх сонирхогч, бөхчүүд тамирчдад хүргэх шаардлагатай байгааг хэлсэн байна.
Мөн Спортын арбитрын хурлуудыг нээлтэй хийх, хурлаас гарсан шийдвэрийг олон нийтэд заавал мэдээллэж ажиллаж байх саналууд гаргасныг Спортын арбитр ТББ хэрэгжүүлж ажиллах боломжийг судлаж хариуг өгөхөө илэрхийллээ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО