Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал тэмцээн "Парис-2024" Их дуулга Францын нийслэл хотод эхэлж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнд 107 орны 621 /эрэгтэй 365, эмэгтэй 256/ жүдоч ур чадвар, хүчээ сорин өрсөлдөнө.
Парисын Их дуулга энэ жил оролцогч орны тоо 20 гаруйгаар нэмэгдсэн төдийгүй гурван өдөр үргэлжилж шилдгүүдээ тодруулах болсноороо тус тэмцээний нэг онцлог нь болж байна.
Монгол Улсаас шинэхэн гавьяат тамирчин Ё.Басхүү, Л.Энхрийлэн тэргүүтэй 18 жүдоч Парист очоод байгаа юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Э.Сумъяабазар, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, эмэгтэчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, Б.Уранзаяа, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, Ц.Энх-Оргил, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, -78 кг-д О.Хүслэн нар багтжээ.
Энэ шигшээ багийн жүдочдоос 52 кг-д Б.Уранзаяа, 63 кг-д Ц.Энх-Оргил нар Их дуулгад анх удаагаа барилдах бол эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 63, 70 кг-д тус бүр 2 тамирчнаа сойж байгаа. Харин эмэгтэй +78, эрэгтэй +100 кг жинд барилдах жүдочид бэртлийн улмаас Парисын Их дуулгыг өнжиж байна.