АНКАРА, 2024 оны хоёрдугаар сарын 21 /TRT/. Туркэд үйлдвэрлэсэн тав дахь үеийн “Kaan” сөнөөгч онгоц анхны нислэгээ үйлдлээ. Туршилтын нислэгийг өнгөрсөн оны 12 дугаар сард хийхээр төлөвлөж байсан боловч газарт сорилууд хийх шаардлагатай байсан тул хойшлуулжээ.
Сөнөөгч онгоц Анкарагийн ойролцоох Мюртед баазаас хөөрч, богино хугацааны туршилтын нислэг хийснийхээ дараа амжилттай газардсан байна. Одоогоор үйлдвэрлэгч компани, эрх баригчдын зүгээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Үүний зэрэгцээ зарим хүмүүс олон нийтийн сүлжээгээр дамжуулан нислэг амжилттай болсонд баяр хүргэжээ. Тухайлбал, "Turkish Airlines" компанийн ерөнхий захирал Билал Экши "Kaan нислээ, сөнөөгч онгоц ниссэн" гэж онцолсон байна.
Уг сөнөөгч онгоцыг “Үндэсний байлдааны нисэх онгоц” хөтөлбөрийн хүрээнд “Turkish Aerospace Industries” компани 2017 оноос зохион бүтээж эхэлсэн бөгөөд 2028 оноос олноор нь үйлдвэрлэж эхлэх төлөвтэй байна.
Тактик-техникийн үзүүлэлтүүдээрээ уг онгоц Америкийн F-35 сөнөөгчөөс давуу бөгөөд цаашдаа Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд буй F-16 сөнөөгч онгоцыг орлоно гэж Туркийн эрх баригчид өмнө нь мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал