Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл, “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн зохицуулагч Г.Пүрэвсүрэн нар Азийн хөгжлийн банкнаас 03 дугаар сард зохион байгуулж буй олон улсын эмэгтэйчүүдийн жендэрийн сарын аяны хүрээнд Азийн хөгжлийн банкны Манила дахь төв байранд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд Монгол Улсын туршлага, сургамж” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцов.
Энэхүү хэлэлцүүлгээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Цэцэглэн хөгжсөн сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжаар 2019-2023 онд хэрэгжсэн “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн үр дүн, ач холбогдол, залгамж холбоо, сургамжийн талаарх туршлагаа Азийн хөгжлийн банкны гишүүн орнууд, Филиппин Улсын Эмэгтэйчүүдийн комисс болон төрийн байгууллагын төлөөлөлтэй хуваалцлаа.
Тус арга хэмжээг Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал, ноён Мухаммед Эсан Хан, Жендэрийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн газрын дарга, хатагтай Саманта Хунг нар нээж, Монгол Улсад хэрэгжсэн төслийн үр дүн, ач холбогдлыг онцлон тэмдэглэж, төслийн оролцогч нарт төслийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв.
Мөн хэлэлцүүлгийг Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн газрын Захирлын зөвлөх Келли Бөөрд чиглүүлж, панелистаар Азийн хөгжлийн банкны Жендэрийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн газрын нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Б.Цолмон оролцож, тус газрын Түншлэлийн санхүүжилт хариуцсан тэргүүлэх зэргийн мэргэжилтэн, ноён Хироки Касахара хэлэлцүүлгийг дүгнэв.