Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлийн анхны хуваарьт шууд нислэгийг хүлээн авах ёслол 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудалд боллоо.
Ёслолын ажиллагаанд Элчин сайд Д.Гансүх, “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Оюундэлгэр, Чех улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Я.Вытопил, “Вацлав Хавел” олон улсын нисэх онгоцны буудлын Гүйцэтгэх захирал И.Пос зэрэг албаны хүмүүс оролцов.
Агаарын харилцааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Изинис Эйрвэйз” ХХК долоо хоногийн Лхагва, Бямба гарагуудад шууд нислэг үйлдэх бөгөөд ийнхүү 7 дугаар сарын 10-ны өдрийн Улаанбаатар – Прага чиглэлийн анхны шууд нислэгээр 81 зорчигч хүрэлцэн ирсэн бол Прага хотоос 153 зорчигч эх орноо зорьжээ. Тэдний дунд Чехээс гадна Австри, Их Британи, Франц зэрэг улсаас дамжин нисэж буй иргэд цөөнгүй байв.
Элчин сайд Д.Гансүх энэхүү үйл явдал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн босгон дээр болж буйг онцлоод Монгол, Чехийн хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээж, Монгол Улсыг “гуравдагч хөрш” Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай шууд холбох гүүр, Европ руу зорчих манай улсын гурав дахь гарц болж байгааг тэмдэглэв. Өнөөгийн байдлаар Чех улсад 13 мянга гаруй монгол иргэн ажиллаж, аж төрж байна. Мөн Европын 32 улсын иргэд Монгол оронд аялахдаа визгүй зорчиж байна.