ТЕЛЬ-АВИВ, 2024 оны наймдугаар сарын 5. /ТАСС/. Ираны зүгээс цохилт өгөх нь тодорхой болсон тохиолдолд тус улсад урьтаж цохилт өгөх боломжийг Израилын дээд удирдлага хэлэлцэж байна. Энэ тухай The Times of Israel сонинд мэдээлжээ.
Тус сонинд бичсэнээр, ням гарагт Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяху арми болон тусгай албадын удирдлагатай дээрх асуудлаар зөвлөгөөн хийсэн байна. Тус зөвлөгөөнд Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант, Израилын армийн Жанжин штабын дарга Герци Халеви, “Моссад” тагнуулын албаны захирал Давид Барнеа, Нийтийн аюулгүй байдлын албаны /сөрөг тагнуулын/ дарга Ронен Бар нар оролцсон байна.
Ираны санаархал зорилго нь тов тодорхой болсныг тагнуулын мэдээллээр баталсан тохиолдолд Иранд урьтаж цохилт өгөх нь зүйтэй хэмээн зөвлөгөөний явцад онцлон тэмдэглэсэн байна.
Өмнө нь Axios цахим хуудсанд эх сурвалжуудын мэдээллээс эш татан мэдээлснээр, Иран ба Хезболлах бүлэглэл ойрын 24 цагийн дотор Израил руу халдан довтолж болзошгүй гэдгийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Их долоо”-гийн орнуудын Гадаад хэргийн сайд нарт мэдэгджээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг тоймч Б.Адъяахүү