БЕРН, 2024 оны есдүгээр сарын 24 /рhys.org/. Сул харилцан үйлчлэлийг шилжүүлэх үүрэгтэй бөөм болох W-бозоны массыг физикчид Адроны их хурдасгуур дотор шинээр хэмжин тогтоожээ.
Тодруулбал, Европын цөмийн судалгааны байгууллагын (CERN) Адроны их хурдасгуур дээр (Large Hadron Collider, LHC) судалгаа хийж буй физикчид болон АНУ-ын Энрико Фермигийн (Фермилаб) нэрэмжит Үндэсний хурдасгуурын лабораторийн эрдэмтэд хэмжсэн байна.
Туршилтын явцад W-бозоны массын утгыг 80,360.2 ± 9.9 мегаэлектронвольт (МеВ) гэж тогтоосон бөгөөд энэ нь Стандарт загварын (80,357 ± 6 МэВ) таамаглалтай тохирчээ.
W-бозон нь цахилгаан соронзон сул харилцан үйлчлэлд оролцдог гол бөөмсийн нэг бөгөөд массыг нь алдаа мадаггүй тогтоосноор бичил ертөнцөд болж буй үйл явц, тэдгээрийн дотор Хиггсийн талбай ба бөөмсийн харилцан үйлчлэлийг илүү тодорхой ойлгоход тус дөхөм болно.
Энэхүү үр дүнд хүрэхийн тулд эрдэмтэд W-бозоны оролцоотой 300 сая гаруй үйл явц, мөн 4 тэрбум загварчилсан үйл явцад дүн шинжилгээ хийсний эцэст 100 сая гаруй W-бозоны массыг алдаа мадаггүй хэмжжээ.
Дүн шинжилгээний шинэ аргыг хэрэглэснээр өмнөх туршилтуудтай холбоотой тодорхойгүй байдал багассан байна. Туршилтын багийнхан Z-бозоны өгөгдлийг ашигладаг уламжлалт аргыг хэрэглэхгүй байхаар шийдсэн нь Z- ээс W бозон руу өгөгдлүүдийг шилжүүлэх үед гардаг алдааг багасгаж, улмаар хамгийн алдаа мадаггүй үр дүнд хүрсэн байна.
Эрдэмтдийн олж авсан өгөгдөл нь Стандарт загвар дахь W-бозоны үүргийг тодруулж, шинэ бөөмс эсвэл физик харилцан үйлчлэл байгааг илтгэдэг хазайлтыг үргэлжлүүлэн хайх боломжийг олгож байгаа ажээ.
Адроны их хурдасгуурт суурилуулсан CMS-ийн шинэчлэн сайжруулсан детекторуудын тусламжтайгаар W-бозоны массыг өндөр нарийвчлалтайгаар хэмжиж чадсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!