КУПЕРТИНО, 2024 оны аравдугаар сарын 16 /Forbes/. “Apple” компани “A17 Pro” чип болон хиймэл оюуны “Apple Intelligence” функцтэй шинэ “iPad mini” таблетаа танилцууллаа.
Шинэ “iPad mini” нь 8.3 инчийн “Liquid Retina” дэлгэцтэй бөгөөд дөрвөн өнгөний сонголттойгоор худалдаанд гарах ажээ. 12 мегапикселийн арын камер нь “Smart HDR 4” технологийг дэмждэг. “A17 Pro” чипийг суурилуулснаар шинэ төхөөрөмжийн гүйцэтгэл сайжирчээ.
Энэ нь 2021 оноос хойшхи жижиг загварын таблетууддаа хийсэн “Apple”-ийн анхны шинэчлэл гэдгийг Америкийн компьютерийн технологийн мэдээллийн “The Verge” цахим хуудсанд онцолсон байна. Шинэ бүтээгдэхүүний үнэ 499 ам.доллароос эхлэх бөгөөд 10 дугаар сарын 23-нд “Apple”-ийн дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхлэх аж.
Шинэ “IPad mini”-г танилцуулсны дараа “Apple”-ийн хувьцаа 2.7 хувиар өсөж, 237.49 ам.долларт хүрснээр түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилсэн байна. Хувьцааных нь ханш ийнхүү өссөнөөр “Apple”-ийн зах зээлийн үнэлгээ анх удаа 3.6 их наяд ам.доллароос давснаар дэлхийн хамгийн том компани болох статусыг нь бататгажээ.
“Apple Intelligence” AI функцтэй, A18 процессортой шинэ "iPhone 16" ухаалаг гар утсыг тус компани есдүгээр сарын эхээр танилцуулсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!