Олон Улсын нийгмийн ажлын өдрийг энэ жил “ХАМТРАН АЖИЛЛАХ ЗАМААР ЯЛГААТАЙ БАЙДАЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХУЙ” уриан дор дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэж байна.
Нийгмийн ажил нь нийгмийн өөрчлөлтийг дэмжиж, хүмүүсийн харилцаан дахь бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, хүмүүсийн сайн сайхны төлөө тэднийг чадваржуулж эрх чөлөө, боломжийг нь өргөжүүлэхэд туслах, нийгмийн олон талт мэргэжлийн үйл ажиллагаа юм. Энэхүү мэргэжил нь хамтын ажиллагаа, нөлөөлөл, оролцоо, хүндэтгэл, харилцаа, мэдрэмж, ойлголцол болон хандлага дээр тулгуурладаг тул мэдлэг чадвар, зүрх сэтгэл, итгэл зүтгэл шаарддагаараа үнэ цэнэтэй юм.
Монгол Улсад мэргэжлийн нийгмийн ажилтныг 1997 оноос хойш бэлтгэж эхэлсэнээс хойш 17 их, дээд сургуульд 6000 орчим бакалаврын мэргэжилтэй Нийгмийн ажилтныг сургасан ба боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, хүүхэд гэр бүл, сум, хороо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зэрэг байгууллагад 2880 нийгмийн ажилтан ажиллаж байна.
Салбар бүрт ажиллаж буй нийгмийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, багш нар болон нийгмийн ажил, нийгмийн хамгааллын чиглэлээр суралцагч оюутнууд Та бүхэндээ Дэлхийн нийгмийн ажлын өдрийн мэндийг хүргэж, нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, айл өрх бүрт гэрэл гэгээ түгээх ажилд нь амжилт хүсье!
Хүний эрхийн төлөө нийгмийн бүлгүүдтэй ажилладаг нийгмийн ажил мэргэжлийг хөгжүүлэхийн төлөө хууль эрх зүйн орчин бүрдүүлж, Засгийн газрын бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд та бүхэнтэй хамтран ажиллах болно.
"Хамтран ажиллах замаар ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандахуй" уриан дор нэгдэцгээе.