Ази тивийн 3х3 сагсан бөмбөгийн 6 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багт багтсан тамирчдын нэрс тодорлоо.
Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 2-нд Сингапур улсад болно.
Эрэгтэй багт: Ариунболдын Ананд, Даваасамбуугийн Дэлгэрням, Энхбатын Дөлгөөн, Онолбаатарын Энхбаатар нар багтсан бол эмэгтэй багт: Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Цэнджавын Болорцэцэг, Онолбаатарын Хулан, Мөнхсайханы Цэрэнлхам нар сонгогдсон байна.
Монголчуудын хувьд 3x3 сагсан бөмбөгийн төрөл нь хүүхэд залуус өргөнөөр хамрагддаг дэлхийн улс орнуудын адил гудамж талбайд нийтээрээ тоглож болдог гэдгээрээ ихэд зохицсон спортын төрөл билээ.
Тиймээс ч Монголын 3x3 сагсан бөмбөгийн баг тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг нь 2017 онд түрүүлж, 2018, 2019 онд мөнгө, эмэгтэй баг 2013 онд хүрэл медаль тус тус хүртсэн түүхтэй.