Энэтхэгийн Нью-Делид болж байгаа эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий жин тус бүрийн хагас шигшээ тулаанууд өнөөдөр болно. Хагас шигшээ тулаанд ялсан тамирчид мөнгөн медалиа халаасалж, Дэлхийн аваргын алтан медалийн төлөө Делигийни рингэд гарч тулалдана.
Монгол Улсаас 2 тамирчин мөнгөн медалийн төлөө өрсөлдөх бөгөөд 48 кг жингийн тамирчин ОУХМ Л.Алтанцэцэг үдэш 20.30 цагт хамгийн түрүүнд рингэн дээр гарах юм. Өрсөлдөгч нь Мороккогийн Yasmine Mouttaki. Энэ ДАШТ-д морокко тамирчин 3 тулалдсан. Эхлээд Унгарын тамирчныг 5:0, дараа Испанийн боксчныг 4:0, Болгарын Асеноваг 5:0 ялж, хагас шигшээд шалгарсан. 2017 оны Африкийн аварга, 2019 оны Африкийн наадмын мөнгөн медальт тамирчин.
Энэ жингийн нөгөө хагас шигшээд Казахстаны Алуа Балкибекова, Энэтхэгийн Ниту Гангас нар учраа таарсан. Алуа нь 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2022 оны Азийн аварга, 2014 оны өсвөрийн олимпын хүрэл медальт. Гангас нь 22 настай залуу тамирчин ч залуучуудын дэлхийн хошой аварга, 2022 оны Commonwealth Games наадмын аварга.
Мөнгөн медалийн төлөө 48 кг-ын жингийн Л.Алтанцэцэг үдэш 20.30 цагт хамгийн түрүүнд тоглосноос хоёр тулааны дараа 54 кг-д ОУХМ М.Энхжаргал Колумбийн Yeni Arias-тай мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.
Колумби бүсгүй Нью-Делид эхлээд Хорватын тамирчныг ялсан. Дараа нь Молдавын Королиг шүүгч тулааныг зогсоож, илт давуугаар ялсан. Ингээд ДАШТ-ий гурван медальтай, Азийн хошой аварга, Азийн наадмын мөнгөн медальт Казахстаны Жайна Шекербековаг 3:0 ялж, хагас шигшээд шалгарсан. Yeni Arias 32 настай. 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт, 2018, 2022 оны Өмнөд Америкийн наадмын мөнгөн медальт, Боливарын наадмын хошой аварга тамирчин. Токио олимпод Филиппиний тамирчинд 3 дугаар тойрогт ялагдаж байжээ.
Энэ жингийн нөгөө хагас шигшээд 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2022 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Тайландын Jutamas Jitpong, Токио олимпын хүрэл медальт, 2019 оны дэлхийн аварга, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт, Тайванийн Хуан Сяовэнь нар өрсөлдөнө.
Эх сурвалж: Zindaa.mn Спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ