Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2023 оны бүх оддын тоглолт 2 дугаар сарын 12-ны өдөр “UG” аренад болох бөгөөд өрсөлдөх тамирчдын нэрсийг зарлажээ.
Энэ удаад монгол тамирчдын эсрэг легионерууд халз тулж тоглох юм байна. Өнөөдөр /2023.01.31/ тус Дээд лигээс хоёр багийн тамирчдыг танилцуулав.
Монголын багийн гараанд Т.Санчир, Б.Билгүүн, О.Энхбаатар, О.Эрдэнэцогт, М.Өлзий-Орших нар сонгогдсон бол легионеруудын багийн гараанд Пендарвис Уиллиамс, Энтони Харрис, Даррель Саммерс, Блэйк Хэмилтон, Кристофер Блэйк нар сонгогдлоо.
Багуудын бүрэлдэхүүнд багтсан тамирчдыг хөгжөөн дэмжигчид, багийн эздийн саналаар сонгожээ. Харин бүрэлдэхүүнийг зарласны дараа энэ улиралд сайн байгаа зарим тамирчид багтаагүйд хөгжөөн дэмжигчдээс гомдол ирж байгаа аж. Тухайлбал, ШУТИС Шарксын Ж.Жамсрандорж, Завхан “Brothers”-ийн Ц.Отгонжаргал, Д.Мөнхтүвшин, Баянгол Харцагын О.Баянбаатар, М Гарьдын А.Тэмүүжин, Д.Дөлгөөнмөрөн, А.Энхбаясгалан, Тэнүүн Өлзий Металлын Т.Ууганбаяр, “IHC Apes”-ийн Б.Тулуй тэргүүтэй тоглогчдыг багтах эрхтэй байсан гэж тэд онцолж байв.
Харин Э.Тулга, Т.Мөнхчөдөр, У.Чингүүн, Ч.Ихбаяр, Г.Ган-Эрдэнэ зэрэг залуус анхныхаа бүх оддын тоглолтод оролцохоор боллоо.
Энэ жилийн бүх оддын хөтөлбөрт багтсан үзүүлбэр, тоглолтуудыг сонирхуулж байна. Тухайлбал:
Монгол VS Легионер тамирчдын тоглолт, Эмэгтэй бүх оддын тоглол, Ур чадварын тэмцээн, Тохолтын тэмцээн, Гурван онооны тэмцээн, Олны танил эрхмүүдийн тоглолт зэрэг багтсан байна.
Энэхүү бүх оддын тоглолтын тасалбар аль эрт дууссан юм байна.