Онцгой байдлын ерөнхий газраас Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” 2 дугаар шатны төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд “Барилгын газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг хангах хүчитгэлийн үйл ажиллагаа” сэдэвт хурлыг зохион байгуулав.
Хуралд БХБЯ, ОБЕГ, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Барилгын хөгжлийн төв, ШУТИС-ийн багш, судлаачид оролцсон юм.
Энэ үеэр “ЖАЙКА” ОУБ-ын Барилгын судалгааны хүрээлэнгийн зочин судлаач, ахлах зөвлөх доктор Ёкои Тошиаки “Япон улсад газар хөдлөлт тэсвэрлэлтийг хангах хүчитгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд баримталж байгаа бодлого, хэрэгжилтийн өнөөгийн байдал”, БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга “Газар хөдлөлтийн чиглэлээр барилгын салбарт хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Монголын барилгын инженерүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Э.Ганзориг “Технологи ба хүний нөөц хөгжүүлэлт” сэдвээр тус тус мэдээлэл өглөө.
Оролцогчид Монгол Улсад газар хөдлөлт тэсвэрлэлтийг хангах хүчитгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж хэвшүүлэхэд анхаарах асуудлын талаар санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.