Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ФИЛА/-ны чөлөөт бөхийн чансааны оноо олгох "Zagreb Open" тэмцээний 2 дахь өдөр Монголын хоёр бөх барилдсан бөгөөд эрэгтэйчүүдийн 92 кг жинд U23 насны ДАШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Ганхуяг хүрэл медаль хүртэв.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Прутвираж Бабасахеб Патилыг 9:1-ээр ялж шагналын тавцанд зогсов. Хорватын дэвжээнд манай эрэгтэй бөхчүүд одоогоор иж бүрэн буюу алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна.
Харин энэ өдөр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал 50 кг жинд шөвгийн наймд 4 олимпод дараалан медаль хүртсэн дэлхийн 2, Европын 10 удаагийн аварга Азербайжаны алдарт бөх Мария Стадникт 2:6-гаар ялагдаж тэмцээнээ дуулгажээ.