Хүүхдийг ивээх сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийг 2020 онд эхлүүлж, Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ төсөл Дэлхийн банкны итгэлцлийн сан болон Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа юм. Төслийн хүрээнд “ESEL хөтөлбөр хэрэгжүүлж буй Политехник коллеж, МСҮТ-үүдийн туршлага солилцох уулзалтыг /2023.01.24/ зохион байгуулав.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын МСҮТ, Говьсүмбэр, Өвөрхангай, Ховд аймгийн Политехник коллеж, Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн төлөөлөл явцын үр дүнгээ танилцуулсан юм. Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн оюутан С.Баттүшиг, Өвөрхангай аймгийн Политехник коллежийн суралцагч Э.Саранзаяа нар төслөө танилцуулсан юм.
Семинарт оролцогчид ESEL хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн сургуулийн онцлогоос хамаарсан зохицуулалт хийх хэрэгцээ, анхаарах асуудлууд, санал болгож буй арга зам, зөвлөмжийн талаар хэлэлцлээ. Орон нутагт ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучуудад бэрхшээл тулгардаг. Тиймээс хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийнхэнд олгосноор тэдний сурлагын амжилтыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхээр төслийн баг зорьж байгаа юм.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан энэ уулзалтад оролцож, “Өсвөр насны хүүхдэд хувь хүний ур чадвар олгох, үүгээр дамжуулан сурлагын амжилтыг ахиулах, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх чиглэлээр цаашид ч хамтран ажиллах болно” гэлээ.