СЕНТ-ЛУИС, 2026 оны есдүгээр сарын 24 /Kazinform/. Залуу үеийнхэн өмнөх үеийнхнийгээ бодвол биологийн хувьд илүү хурдан хөгшрөх болсон нь 55-аас доош насны хүмүүсийн дунд хорт хавдрын өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж байж магадгүйг судалгаа харуулжээ.
АНУ-ын Сент-Луис хот дахь Вашингтоны Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн судлаачдын сүүлийн үеийн залуус ижил насны өмнөх үеийнхэнтэй нь харьцуулахад биологийн хувьд илүү хөгшрөх хандлагатай байгааг тогтоожээ. Судалгааны үр дүнгийн талаарх өгүүллийг "Nature Medicine" сэтгүүлд нийтэлсэн байна.
Төрсөн өдрөөс нь хойш хэдэн жил амьдарсныг тооцдог "хуанлийн наснаас" ялгаатай нь биологийн нас нь эс, эрхтэн, бодисын солилцоо болон физиологийн бусад тогтолцоонд гарсан өөрчлөлтөөр тодорхойлогддог. Судлаачид биологийн нас ба "хуанлийн нас" хооронд ялгаа их байх тусмаа залуугаараа хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байгааг тогтоожээ.
Уг судалгааг явуулахдаа сайн дураар оролцсон хагас сая хүний ген, эрүүл мэндийн болон биологийн дээжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан, биологийн анагаахын мэдээллийн дэлхийн хамгийн том хэмжээний сан, урт хугацааны судалгааны төсөл болох Их Британийн “UK Biobank” санд хадгалагдаж буй 154 мянга гаруй залуусын болон АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн “All of Us” судалгааны хөтөлбөрт оролцсон 10 мянга гаруй оролцогчийн өгөгдөлд дүн шинжилгээ хийсэн байна.
Залуу хүмүүсийн биологийн хөгшрөлт хурдацтай явагдах тусам залуугаараа хатуу эдийн хорт хавдраар өвчлөх эрсдэл 8 хувиар нэмэгдэх хандлагатай байжээ. Ялангуяа уушги, хоол боловсруулах эрхтэн болон умайн хорт хавдрын тохиолдлуудад энэ хамаарал илүү тод ажиглагдсан байна. Мөн өөхөн эдийн хөгшрөлт хурдассан хүмүүсийн хувьд бүдүүн гэдэсний хорт хавдар залуу насанд үүсэх эрсдэл нэмэгддэг болохыг тогтоожээ.
“Залуу хүмүүсийг эрүүл байгаа үед нь хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй эсэхийг тодорхойлж чадвал уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх арга хэмжээг шаардлагатай хүмүүст чиглүүлэх боломжтой. Ингэснээр эрт оношилж, эмчлэх нь хамгийн их үр дүн өгөх хүмүүсийг цаг алдалгүй илрүүлнэ” гэж Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн молекулын тархвар судлаач, дэд профессор Инь Чао хэллээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Л.Буянаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!