Улиастай, 2026 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн эдийн засгийн үзүүлэлтүүд өсөж байгаа ч хүн амын шилжилт хөдөлгөөн сөрөг хэвээр байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг хүн амын тогтвортой суурьшилтай уялдуулах шаардлагатайг харуулж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд 758.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 151.8 тэрбум төгрөгөөр буюу 25 хувиар өссөн байна. Мөн 128 айлын орон сууц ашиглалтад орсон нь өмнөх оноос 3.5 дахин нэмэгджээ.
Гэвч 2025 онд 2118 хүн аймгаас шилжин явж, 505 хүн шилжин ирсэн нь шилжилт хөдөлгөөний цэвэр дүн 1613 хүнээр сөрөг гарахад хүрсэн байна. Төрөлт нас баралтаас давсан ч ердийн цэвэр өсөлтийн коэффициент сүүлийн таван жилд 13.8-аас 9.3 промилл болж буурчээ. 2026 оны эхний 7 сарын мэдээллээр 478 эх амаржиж, 479 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үеэс тус бүр 0.8 болон 0.4 хувиар өссөн байна.
Мөн энэ хугацаанд аймгийн аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 21.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь эдийн засгийн зарим салбарын өсөлт үргэлжилж байгааг харуулж байна.
Завхан аймгийн Статистикийн хэлтсээс 2026 онд хүн ам, өрхийн мэдээллийн сангийн чанарыг сайжруулах, шилжилт хөдөлгөөнд оролцсон иргэдийн мэдээллийг цэгцлэх ажлыг Улиастай сумын зургаан багт зохион байгуулсан.
Статистикийн үзүүлэлтээс үзэхэд эдийн засгийн өсөлт болон төрөлтийн зарим үзүүлэлт эерэг байгаа боловч хүн амын шилжилт хөдөлгөөн сөрөг хэвээр байна. Энэ нь ажлын байр, орлого болон хүн амын нутагтаа тогтвортой суурьших нөхцөлийг эдийн засгийн бодлоготой уялдуулах шаардлагатайг харуулж байна гэлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мягмарсүрэн

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!